FACT CHECK!

“Тарваганы түүхий мах идсэн жуулчин хосууд тахал өвчнөөр нас баржээ” гэсэн гарчигтайгаар нийтлэгджээ

2019 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын жуулчин Монголд тарваган тахал өвчнөөр амь насаа алдсан тухай мэдээ гарчээ. Тухайлбал, Германы BILD сэтгүүлийн m.bild.de мэдээллийн сайтад “Rohes Murmeltier gegessen! Touri-Paar stirbt an Beulenpest” буюу “Тарваганы түүхий мах идсэн жуулчин хосууд тахал өвчнөөр нас баржээ” гэсэн гарчигтайгаар Монголд аймшигт тахал өвчин гарч, гадны жуулчид амиа алдлаа гэсэн агуулгатай мэдээлэл цацагджээ.

Тухайн мэдээг нягтлан шалган ХУУРАМЧ МЭДЭЭ болохыг тогтоолоо. Хуурамч мэдээлэл агуулсан хэсгийг ХУДАЛ, харин нягталж шалгасан буюу бодит мэдээллийг ҮНЭН хэсэгт оруулав.

ХУДАЛ:
m.bild.de: Тэд Монголын уламжлалыг даган адал явдалтай аялал хийх хүслээ амь насаараа төлжээ. Монголд 38, 37 настай Оросын жуулчин хосууд тарваган тахлын өвчлөлөөр нас баржээ. Тэд тарваганы түүхий дотор мах идсэн. Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь нас барсан эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд энэ гэр бүлийн 2-оос 13 насны дөрвөн хүүхэд өнчрөн үлджээ.

ҮНЭН:
Бид тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахмад З.Азатаас тодруулснаар гадаадын иргэд нас барсан тохиолдол гараагүй гэлээ. Түүнчлэн тус газрын хийсэн судалгаагаар тарваган тахлын нэг болон хоёдугаар хавьтлын алинд ч гадаадын иргэн бүртгэгдээгүй гэсэн юм.
Харин тус аймгийн нэг гэр бүлийн хоёр хүн амь насаа алдсан бөгөөд хоёул Монгол улсын иргэн байжээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С. Айгүлийн хэлсэнээр нас барсан эмэгтэй жирэмсэн байсан гэдэг нь ташаа мэдээлэл ажээ. Харин жирэмсний амралтаа авсан төрийн албан хаагч байсан бөгөөд түүний бага хүүхэд 9 сартай гэлээ. Тэдний гэр бүл 9 сараас 12 насны дөрвөн хүүхэдтэй гэв.

Тэгвэл тавдугаар сарын 8-ны өдөр буюу биднийг нягталж шалган олон нийтэд мэдээлсний дараа BILD сэтгүүлийн m.bild.de мэдээллийн сайт агуулгадаа өөрчлөлт оруулан, “Оросын 2 жуулчин амь насаа алдсан” гэсэн үгээ хасжээ. Ингэхдээ мэдээллээ шинэчилсэн тухай дурдаагүй байна.

Гарчигтаа байсан ЖУУЛЧИН ХОС гэсэн үгээ ХОС болгон өөрчилсөн байдал
Агуулгаа зассан байдал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Хориг тавьсан үе буюу дөрөвдүгээр сарын 30-наас хориг цуцлагдсан тавдугаар сарын 6-ны өдрийн оройн 20 цаг хүртэлх хугацаанд тус аймагт нийтдээ 25 гадаадын жуулчин байгааг Онцгой байдлын газар бүртгэсэн байна. Үүнд Орос улсаас 15, Швед, Швецарь улсаас тус бүр 1, Солонгос болон Казакстан улсаас тус бүр 4 жуулчин аялаж байжээ.

Нийтэлсэн: 2019/12/18

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.