УИХ-ын гишүүд казинод байгаа зураг zarig.mn сайт дээр нийтлэгдсэний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглоогүй сонирхоод орсон гэх тайлбарыг өгсөн.

Харин УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Орсон гэхдээ тоглоогүй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрвүүлээ орсон. Их мөнгөөр тоглоод байх боломж байхгүй. Тийм мөнгөтэй ч хүн байхгүй. Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ яах вэ, хүний сонирхол байна, ороод гаръя гээд орсон. Бүр нэг азаартаад том мөнгөөр тоглоод байх боломж байхгүй, бололцоотой хүн ч байхгүй. Казиногийн хууль өргөн барьсан энэ үед сонирхоод л ороод гарсан” хэмээн тайлбар хийлээ.

Бид Д.Лүндээжанцан гишүүний хамгийн сүүлд буюу 2018 оны АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж үзэв.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 170,685,000
2018 оны нийт орлого: 55,736,000

Нийтийн орон сууц: 1
Зуслангийн байшин: 1
Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт: 3
Нийт 969,000,000

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн 160,000,000

Хачирхалтай нь энэ хэмжээний хөрөнгөтэй хүнийг “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий‘ хэмээн хэлсэн Д.Эрдэнэбат гишүүний жилийн орлого нь 29,931,000 бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн ердөө 6,499,000 төгрөг буюу Д.Лүндээжанцан гишүүнээс ойролцоогоор 24 дахин бага байна.

Түүнчлэн Д.Тогтохсүрэн гишүүний жилийн орлого 42,742,000 төгрөг бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 6,716,000 төгрөг байна.

Тиймээс Д.Эрдэнэбат гишүүний хэлсэн “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий‘ хэмээх үгийг ҮНЭН гэж хэлэхэд бэрх ажээ.

Нийтэлсэн: 2020/01/20

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.