Fact Check: Хөл хорио тогтоосноос хойш иргэдийг төөрөгдүүлсэн ШИЙДВЭРҮҮД

Нягталсан мэдээлэл

Fact Check: Хөл хорио тогтоосноос хойш иргэдийг төөрөгдүүлсэн ШИЙДВЭРҮҮД

Коронавирусийн халдвар дотоодод гарсан буюу 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.  

Үүнтэй холбогдуулан УОК-оос зарим шийдвэрийг гаргасан нь доод шатанд зөрүүтэй шийдвэр гарч, иргэдэд ТАШАА ойлголт өгч, төөрөгдүүлсэн явдал нэг биш гарсан. Ийнхүү цар тахлын үед төрийн байгууллагууд, төрийн өндөр албан тушаалтнуудын иргэдээ төөрөгдүүлсэн шийдвэр, мэдэгдлүүдийг бид нэгтгэн хүргэж байна.  

АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ

2020.11-р сарын 11-ний өдөр, Улсын Онцгой комисс: Улаанбаатар хотоос орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн ТҮР ЗОГСООЖ, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүнсний ачаа тээврийн хэрэгслийг нарийвчилсан бүртгэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм дор хот хоорондын хөдөлгөөнд оролцуулж байгаа болно. 
2020.11.12 Шадар сайд Я.Содбаатар: Хувийн тээврийн хэрэгслээрээ хүнсний зах, шатахуун түгээгүүр рүү ЯВЖ БОЛНО
2020.11.12 ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гарч байна. Та ажиллах шаардлагатай байгууллагын ажилтан бол ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа авч гарна уу. 
2020.11.13 Нийслэлийн Онцгой комисс: Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БОЛНО.
2020.11.13 Тээврийн цагдаагийн алба: Хязгаарлалт тогтоосон хугацаанд томилгоот үүрэгтэй буюу байгууллагын даргын тушаалтай, тодорхойлолттой явж байгаа иргэдийг машинтай ч бай, явган ч бай саадгүй хөдөлгөөнд оролцуулж байна
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн”. 
2020.11.14 Нийслэлийн ЗДТГ: Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад хязгаарлалт хамаарахгүй. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцоно.  
2020.11.16 Улсын Онцгой комисс: ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Автомашины тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй мэдээлэл ирсэн учраас түр зогсоосон.   
ЗГ-ын ХМОНХХ-ын дарга Ц.Ганзориг: УОК-оос 11 салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Тэдгээр хүмүүс биеийн байцаалт, ажлын үнэмлэхтэйгээ явах юм бол ямар нэгэн зөвшөөрөл шаардлагагүй автомашинтайгаа зорчиж болно
2020.11.17 Улсын Онцгой комисс: Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнд хатуу хязгаарлалт хийж, хөдөлгөөнийг 90 хувь бууруулахаар болов. Хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна.

Дээрх шийдвэрүүдээс 7 хоног хүрэхгүй хугацааны дотор хэрхэн өөрчлөгдөж, өмнөхөө үгүйсгэн, иргэдийг төөрөгдөлд оруулж буйг харж болохоор байна. 

НИЙТИЙН ТЭЭВЭР

2020.11.12 Засгийн газар: Улаанбаатар хотод нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагуудад богино цагаар буюу өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ.
2020.11.12 Нийслэлийн Онцгой комисс: Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай. 
2020.11.17 Улсын Онцгой комисс: Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд явах хатуу цагийн хуваарьт оруулав. 

Автомашин хөдөлгөөнд хэрхэн оролцуулах нь тодорхойгүй байх хугацаанд нийтийн тээврийн үйлчлэх цагт мөн л гурван ч удаа өөрчлөлт оров.

ЗУСЛАНДАА ОЧИЖ БОЛОХ ЭСЭХ

2020.11.15 ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр: Зуслан чиглэлээс гэртээ буцаж очих гэж байгаа тохиолдолд хөл хорионд орно. Хотоос зуслан явах боломжгүй.
2020.11.17 ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Зуслангийн бүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ яг тухайн дүүрэгт амьдардаг иргэн зусландаа орж, гарах нь нээлттэй байгаа.

Хатуу хөл хорионы үеэр зусландаа очиж цэвэр агаарт өөрсдийгөө тусгаарлах хүсэлтэй иргэд цөөнгүй байсан бөгөөд зуслан руугаа явж болох эсэхийг тодруулан өөр хоорондоо асуун, төөрөгдөж байсан нь нийгмийн сүлжээнд маш их ажиглагдсаж байв.

НӨӨЦИЙН МАХ

2020.11.13 Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр: Мах махан бүтээгдэхүүн бэлдэх 16 ААН арилжааны банкны зээлийн эх үүсвэрээ аваад хөдөө орон нутгуудаар махаа бэлдээд эхэлчихсэн. Өчигдрийн байдлаар 4,500 тонн махыг 23 агуулахад саванд нөөцөлж, хадгалсан. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нөөцийн махаа хэрэглэхгүй. Харин хөдөө орон нутгаас ирж байгаа нойтон махаа хэрэглэнэ. Улаанбаатар хот руу хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан машин орох гарах хөдөлгөөн чөлөөтэй болсон тул мах ховордохгүй.
2020.11.14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 15 байршилд нөөцийн махыг 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн худалдан борлуулахаар боллоо
2020.11.16 ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Махны нөөцийн  цэг нэмэгдүүлэх асуудалд нийслэлийн удирдлагууд ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар маргааш оройноос 237 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах тараагдах ажил хийгдэнэ. Нийт 152 хороо байдаг гэж үзвэл нэг хороонд 1-2 хүнсний дэлгүүрт нөөцийн мах түгээгдэнэ. 

Ийнхүү нөөцийн мах тараана, тараахгүй гэсний дараа тараахаар болсон ч иргэдийн бөөгнөрөл, зохион байгуулалтын асуудал зэрэг нь асуудал дагуулсан. 

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ГАРГАХ ЭСЭХ

2020.11.13 Улсын Онцгой комисс: Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн талаар Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй. 
2020.11.16 УИХ-ын МАН-ын бүлэг: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан "Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна" гэв.
2020.11.17 Улсын Онцгой комисс: ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: УОК-оос Улаанбаатараас орон нутаг руу иргэдийг гаргах шийдвэр гараагүй. Албан ёсоор тусгай журам батлагдвал энэ мэдээллийг зарлана. 

Нийслэлд боогдсон орон нутгийн иргэдийн байдал хүнд байгаа тухай мэдээлэлтэй зэрэгцээд ийнхүү тодорхойгүй мэдээлэл нь иргэдийг улам төөрөгдүүлж байна.

ХҮҮХДИЙН МӨНГӨ
2020.11.16 Засгийн газар: Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас буюу 11-р сарын 17-ноос хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан.
2020.11.17 ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр гэхэд 1,179,000 хүүхдэд хүүхдийн 100 мянган төгрөг шилжсэн. 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөө дансаар авдаг, ихэвчлэн бүгд данстай” гэв.
2020.11.17 Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил: Нэг буруу, ташаа мэдээлэл яваад байна аа. Хүүхдийн мөнгө олголтыг өнөөдөр хийх байсан ч банкны салбараас болоод хойшиллоо гэдэг нь ташаа бөгөөд яг одоогийн байдлаар Төрийн сангаас 1 төгрөгийн ч гүйлгээ орж ирээгүй байна. Хэрвээ гүйлгээ орж ирвэл Монголбанк 5 минутын дотор хүн бүрийн данс руу шилжүүлэх бүрэн боломжтой. Та бүхэн түгээж өгч, иргэдэд үүссэн ташаа ойлголтыг залруулж өгнө үү.
2020.11.19 ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Маргаашаас хүүхдийн мөнгө орно. 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд мөнгө авна

Хүүхдийн мөнгийг иргэдийн дансанд оруулах хугцааг мөн л зөрүүтэй мэдээлэв. Эцэстээ 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө орж эхлэв.

Нягталсан: Ц.Тамир 

0
хуваалцах
Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.