Хонинууд ишиг идсэн тухай мэдээллийг нягталж шалгав

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа.

Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ.

Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 жил бороо хур орохгүй байгаагаас намар, өвөл, хаврын турш мал идэш, хоолгүй болсон. Тиймээс дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн байна. Эзэн нь бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг эргэчихээд, адуундаа яваад ирэхэд нь ийм явдал болжээ” гэсэн байв. Уг мэдээг иргэд янз бүрээр хүлээж авсан нь бичсэн сэтгэгдлүүдээс нь илт. Тухайлбал, “Малчид хонио 1000-д хүргэх гэж улайрснаас бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамалгүй болсон нь үнэн”, “Намрын налгар цагт хадлангаа базаахгүй болохоор хаврын тарчигт мал ингэх нь аргагүй”, “Хонь амьд хулгана агнаад байхад энэ магадлалтай” гэсэн бол цөөнгүй нь “худал” хэмээн талцжээ.

Энэхүү мэдээллийг Fact Check Mongolia сүлжээний баг нягталж шалгаснаар дараах баримтыг одоогоор олоод байна.

Үйл явдал хаана болсон бэ?

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” фейсбүүк хуудас “Өвөрхангай аймгийн урд сумдаар” гэж тодорхойлсон. Харин зураг дээр байгаа хонь, ямаан сүргийн цаана, тэртээд байгаа уулаар шинжилбэл Арвайхээр хот руу орохын наахан замд, аймгийн төвөөс зүүн урагш 10-15 орчим км-ийн зайд оршдог Ноён Хайрханы хойхно авсан зураг болохыг тогтоов.

Бид Ноён уулын араар нутаглаж байгаа малчид, иргэдээс асууж тодруулахад дээрх мэдээлэл нотлогдсонгүй. Өвөрхангай аймгийн өмнө зүгт Гучин-Ус, Богд, Төгрөг, Баянгол, Сант, Бүрд, Есөнзүйл сум оршдог. Тиймээс энэхүү зураг бол үйл явдал болсон газрын зураг биш нь тодорхой.

Улмаар бид мэдээллийг анх нийгмийн сүлжээнд нийтлэсэн иргэн А-г эрэн сурвалжилсаар олж, түүнээс утсаар тайлбар авлаа. Өөрийгөө “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн ажилтан хэмээн танилцуулсан иргэн уг үйл явдал Өвөрхангай аймгийн Сант сумын Царги багт болсон гэж хэллээ. Гэтэл Сант сумын Засаг дарга С.Дамдинпүрэв энэ мэдээллийг нотлохгүй байна. Гэсэн хэдий ч бид иргэн А-гийн байгаа айл аймгийн төвөөс 70 орчим км зайтай, Сант, Баянгол сумын заагт нутаглаж байгаа болохыг олж тогтоов. 

Өөрөөр хэлбэл нийгмийн сүлээнд тархсан зургийг авсан байрлал болон уг үйл явдал өрнөсөн гэх байрлал хоорндоо зөрж буй юм.

Хэзээ болсон бэ?

Иргэн А-ийн хэлснээр бол энэ явдал 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны Мягмар гарагт болсон гэв. Гэтэл Өвөрхангай аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар болон сумдын удирдлагууд, Царги багийн зарим малчнаас бид тодруулахад “хонинууд ишиг барьж идсэн” талаар албаны болон баримттай мэдээлэл байхгүй одоо хүртэл олдохгүй байна.

Үйл явдал хэрхэн болсон бэ?

Анхны мэдээлэлд, “… дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн байна. Эзэн нь хонины бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг үзчихээд цааш адуундаа яваад ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорчихсон үс арьсыг нь зулгааж, хөлийг нь тас мэрсэн” гэж тодорхой дүрсэлсэн.   

Харин өчигдөр /2020.04.08/ өөрийгөө үйл явдлын гэрч хэмээж буй иргэн А-гаас авсан мэдээллээр бол “Сант сумын Царги багийн малчин айлын хургатай хоёр эм хонь нялх ишиг гарангуут нь “идчихээд” байгаа. Тиймээс тэднийг хашаанд тусгаарлаад хорьчихсон, эзэн нь харж байж хургыг нь хөхүүлж байгаа” гэв.

Эхний мэдээлэлд “хонинууд” хэмээн тодорхойгүй олон тоо нэрлэж байсан бол бидэнд өгсөн мэдээллээр “хоёр” гэсэн тоо хэлэв. Мөн “ишиг гарангуут нь идчихээд байгаа” гэсэн нь нэг бус нэлээд хэдэн үйлдлийг тодорхойлсон мэдээлэл юм. Мөн дөрөвдүгээр сарын эхээр малчид адуундаа явах ямар ч шаардлагагүй, ямар айраг цагааны цаг биш дээ гэж Өвөрхангайн Хужирт сумын адуучин Г.Бямбацогт хэллээ. Өдийд адуу идэш тэжээлээ хөөгөөд гэрээсээ нэлээд хол явдаг байна. Харин бидний нягталж буй мэдээлэлд дурьдсанаар бол, адуундаа явахад нь ишиг дөнгөж төрсөн байж. Тэгээд адуунаасаа ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорсон байсан гэсэн зураглалаас ажиглахад адуу, хонин сүрэгтэй тун ойрхон байж. Энэ мэтээр бид зөрөөтэй мэдээллийг нэг талын эх сурвалжаас авсан учраас үйл явдал хэрхэн болсон нь нотлогдохгүй байна.

Үйл явдал яагаад болсон бэ?

Иргэн А хэлэхдээ, “Тал, хээрийн бүсэд бэлчээр доройтоод олон жил болж байна. Ганцхан энд ч биш, хаваржилт хүндэрсэн хэд хэдэн аймагт хонинууд хулгана, зурам идсэн тохиолдол гарсныг малчид хэлсэн. Жил ирэх тусам малын бэлчээр доройтон, цөлжсөөр байхад нутаг орны засаг, захиргаанаас арга хэмжээ авдаггүй, малчдыг зөв зохион байгуулалтад оруулж, отор нүүдэл хийлгэх, гүний усыг ашиглан хадлангийн бүс байгуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхгүй байна. Улс тариалангийн бүс нутгуудад л анхаарлаа хандуулж, тэр хэсгээр бороо оруулна хэмээгээд хамаг үүлээ эх орны хойморт “бөөгнүүлж”, бууддаг. Үүнээс болж Дундговь, Төв аймгийн баруун, Өвөрхангай тэр чигтээ, Баянхонгорын зарим газраар, Өмнөговийн хойд хэсгээр сүүлийн жилүүдэд бороо бага орсон. Үрээ хаядаг ургамлууд ургахаа больж, зарим нь үндэс ч үгүй болжээ. Хулгана, зурам ч бас өвс, ургамалгүйтэж, өлбөрч байна” гэсэн юм.

Харин бидний хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулсан мэдээллээр энэ жил Сант сумынхан өнтэй өвөлжиж, тавтай сайхан хаваржиж байна. Дуулиан шуугиан болоод байгаа мэдээлэлд дурьдсанчлан сүүлийн арав гаруй жил бороо огт ороогүй гэдэг ташаа мэдээлэл ажээ. Өнгөрсөн жилийн зун Сант сумаар хур бороо элбэг байсан. Ган, зуд сүүлийн хэдэн жил ер болоогүй. Өвс, ус ч элбэг сайхан байгаа гэлцэж байна.

Мөн аймгийн ХААГ-ийн Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Цэнгэл, мал махчин болно гэж байхгүй, бичил элемент дутагдсанаас болсон байж мэднэ. Гэхдээ бид нүдээрээ харж, шинжилгээ хийж байж үнэхээр ийм явдал болсон уу, болсон бол юунаас болов гэдгийг тодруулна гэв. Тиймээс хонь ишиг барьж идсэн нь үнэн бол юунаас болсон шалтгаан нь ч тодорхойгүй байна.

Үйл явдлын гэрч хэн бэ?

Бидэнд байгаа мэдээллээр бол хонинууд ишиг барьж идсэн хэмээн батлаад байгаа ганцхан хүн байгаа нь иргэн А. Тэгвэл иргэн А гэж хэн бэ? Тэрбээр өөрийгөө “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн ажилтан гэж танилцуулсан.

Гэсэн хэдий ч “Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 орчим жил бороо хур орохгүй байгаагаас өвөлжилт, хаваржилт ихээхэн хүндрэх болсон” хэмээн ташаа мэдээлэл бичиж байгаа нь газар зүйн мэргэжилтэн гэх мэдээлэлд эргэлзэхэд хүргэж байна. Улмаар өнөөдөр өглөөнөөс хойш (дөрөвдүгээр сарын есний өдрийн байдлаар) иргэн А-гийн утас холбогдохгүй байна.

Одоогоор бидний нягталж шалгасан дээрх мэдээллээс “Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээлэл ийнхүү нотлогдохгүй байна. Бид мэдээллийг үргэлжлүүлэн нягталж байгаа бөгөөд нягталж шалгасан баттай мэдээллийг сүүлийн байдлаар дахин оруулах болно.


Дээрх мэдээллийг бид өнөөдөр /2020.04.10/ нягталж дууслаа. Өвөрхангай аймгийн Сант сумын Царги багийн малчин Н.Лхагвасүрэнгийн хотонд байх хар цээжтэй, хөгшин эм хонь энэ жилээс малын хаг буюу ихэс идчих гээд болохгүй байсан гэнэ. Хаг идэж, амтыг нь авсан өнөөх хонь дөнгөж гарсан нялх ишигний салиаг нь долоож байхдаа турууг шийр буюу хөл нь мэрж хэрэг тарьжээ. Энэ тухай Лхагвасүрэн гуайн эхнэр Д.Амарсайхан хүүдээ сонин болгож утсаар ярьсан байна. Үүнийг нь сонссон хүү нь “Өвөрхангайд хонинууд ишиг барьж иджээ” хэмээн нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Ийнхүү “Хонинууд ишиг барьж иджээ” гэх мэдээллийг нягталснаар худал болохыг тогтоолоо.

МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: “Fact Check Mongolia” сүлжээ

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины сэтгүүлч О.Бат-Ундрах

MyDarkhan.mn сайтын сэтгүүлч Г.Ганцэцэг

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүлч Ц.Чимэддондог

Төстэй мэдээлэл

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан.  Түүний хэлсэн хариултуудыг нягталлаа. “Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд […]

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх