“Вирус устгагч” зүүлт коронавирусээс хамгаалах уу?

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм.

Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв.

Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж шалгалаа.

АЗИЙН ЗАРИМ ОРНУУД “ВИРУСНААС ХАМГААЛАГЧ”-ИЙГ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

Хонгконг тэргүүтэй Азийн зарим орнууд вирусээс хамгаалах зүүлтийг худалдахыг хоригложээ. Энэхүү бүтээгдэхүүн нь хлорын давхар ислийг агуулдаг бөгөөд энэ нь вирусаас хамгаалахад чухал гэдгийг тайлбарт нь дурдсан ажээ. Харин дархлаа судлаач Ариан Дэвисон уг зүүлтийг “цэвэр луйвар” хэмээгээд хүзүүний зүүлт хамгаалалтын ямар ч ач холбогдолгүйг анхааруулсныг HKFP-д мэдээлжээ.

Вьетнамын эрх баригчид уг зүүлтийн вирусээс хамгаалах чанарыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэсэн бол Тайландад их хэмжээний энэ төрлийн хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлээд байна. Тиймээс иргэд баталгаагүй бүтээгдэхүүнд итгэж амны хаалт, гар ариутгагч хэрэглэх, гараа угаах гэх мэтийг огоорч байгааг thairesidents.com сайт уламжилжээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ийм зүүлт зүүснийг иргэд Кремлийн төлөөлөгч шинжлэх ухаанч бус байна хэмээн шүүмжилжээ. Энэ талаар тэрбээр korrespondent, rbc-д тайлбар өгөхдөө “Дөрвөн долоо хоногийн өмнөөс зүүж эхэлсэн. Гэхдээ шинэ коронавирусийн халдвараас сэргийлж чадна гэдэгт итгэлгүй байна” гэжээ.

АМНЫ ХААЛТ БОЛ ВИРУСИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ

Монголд ч фэйсбүүк болон худалдааны сайтуудад “вирус устгагч” зүүлт зарах, захиалга авах зарууд цөөнгүй байна. Хэдийгээр коронавирусээс хамгаална гэж тодорхой заагаагүй боловч уг зүүлт нь 360 градус тойрон буй 1м3 орчин дах агаарын элдэв вирусээс 30-60 хоногийн турш хамгаалах чадалтай. Мөн бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой гэжээ. Захиалга авах нэг ширхэгийн үнэ нь 30 мянган төгрөг бол Тайландад монгол төгрөгөөр 33500, ОХУ-д 62000 төгрөг, Хонгконгд 34000 орчим төгрөг байна.

Энэхүү зүүлтийг ихэвчлэн Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд хүмүүс томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэглэдэг ажээ.

Бид “вирус устгагч” коронавирусийн халдвараас сэргийлэх чадвартай эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Одоогоор вирусийн тархалтыг зогсоох гол зүйлийн нэг нь амны хаалт байна” гэдгийг хэллээ.

ТА ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСАН Ч БУСДАД ХАЛДВАР ДАМЖУУЛАХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙНА 

Ямартай ч энэхүү зүүлт томуу, томуу төст өвчний вирусээс хамгаалах хэдий ч шинэ коронавирусээс хамгаалдаг нь одоогоор батлагдаагүй. 

Үнэхээр хамгаалдаг байсан ч зөвхөн таныг хамгаалахаас биш бусдад халдвар дамжуулахаас сэргийлэхгүй. Учир нь шинэ коронавирусийн халдвар шинж тэмдэггүй байх тохиолдол их байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа бөгөөд та халдвар авснаа мэдээгүй тохиолдолд уг зүүлтийг зүүсэн ч халдварыг дамжуулагч болно гэдгийг анхаарах нь зүйтэй.

Харин үүний оронд амны хаалтаа зүүж, гараа угааж, гар ариутгагч хэрэглэн, дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы танхимд шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй зүйл хэлжээ.

Мэдээллийг нягталсан: GoGo.mn, FactCheck.mn, Fact Check Mongolia хөтөлбөр

Төстэй мэдээлэл

Товч агуулга Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар КОВИД-19-ийн халдварын түвшнийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон. АНУ-д 5-11 насны 8,082,264 хүүхдэд дор хаяж нэг тун Pfizer вакцин хийхэд 11 тохиолдолд нь л гаж нөлөө илэрсэн бөгөөд хөнгөн тохиолдлууд байв. Вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээсээ хавьгүй өндөр байна. Вакцин хийлгэснээр хүүхэд, эцэг эхчүүдийн энэ өвчнөөр өвчлөх тухай […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Tserenkhuu Ishtseden фэйсбүүк хаягнаас “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх